Төрөлжсөн сургалттай 112 дугаар сургуулийн хүүхдүүдэд чанартай боловсрол олгоход бүх талаар дэмжин ажиллана

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинэ оны ажлын эхний өдөр Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургууль болон тус сургуулийн дэргэдэх төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Бурхан шашны дээд сургууль нь нэршлээс хамааран хөтөлбөр, үйл ажиллагаа нь боловсролын хууль, тогтоомжтой нэгдсэн бодлогоор явж чадаагүй. Ойлголтын зөрүү ихтэй, багшлах боловсон хүчнээс эхлээд, нийгэмд зөвхөн бурхны ном заадаг сургууль мэтээр ойлгогдож иржээ. Сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэр энэ асуудлыг засч залруулна гэдгээ салбарын сайд хэлсэн. Тэрээр "Энэ сургууль манай улсын анхны таван дээд сургуулийн нэг гэдэг утгаараа, Монголын соёлын том өвийг тээж яваа гэдэг үндэслэлээрээ цаашид бэхжих ёстой. Харин ч урлахуйн ухаан, бурхны зураг, шуумал, баримал, зээгт наамал, гүн ухаан, философийн мэдлэгийг уламжлалт арга барил, түүхэн эх сурвалж, монгол эрдэмтэн, лам нарын Төвөд, Монгол хэлнээ зохиосон бүтээл туурвилууд дээр үндэслэн хичээлээ заадгаараа онцлог. Энэ чиглэлээр СУИС, МУИС зэрэг сургуулиудтай хөтөлбөрөө нэгтгэх, хамтын судалгаа хийх, магистр, докторын дүйцүүлэх сургалтуудыг явуулах боломжтой" гэлээ.

Шашны дээд сургууль 1970 онд албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас 38 удаагийн төгсөлт хийж, 1450 орчим бакалаврын зэрэгтэй, 2010 оноос хойш 20 гаруй магистрын зэрэгтэй оюутан төгсгөсөн байна. Оны өмнөхөн боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс үйл ажиллагаа явуулах эрхтэй дээд боловсролын байгууллага мөн гэдгийг баталгаажуулсан.

Бурхан шашны дээд сургууль нь 50 гаруй жил Философийн хүрээлэнтэй нягт хамтран ажиллаж, олон удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж иржээ. Тус сургуульд Азийн орнуудаас тэр дундаа Халимаг, Тува, Буриад, Өвөрмонгол оюутнууд ирж суралцдаг. Манай орны энгийн иргэдээс бакалаврын болон магистрын түвшний сургалтад суух хүсэлт ч их ирдэг юм байна.

Цаашид Азийн хэмжээний гүн ухааны их сургууль болгон өргөжүүлж, монголын соёл, уламжлал, урлахуйн ухаан, анагаах ухаан, гүн ухаан, хэл шинжлэлийн төв болгон хөгжүүлэх бүрэн боломжтой. Үүний тулд их сургууль болох хэмжээний олон улсын стандарт, хөтөлбөр, материаллаг бааз шаардлагатай. Мөн тус сургуулийн давуу тал нь Гандан хийдийн номын санд хадгалагдаж буй 30.000 гаруй ном юм. Монголын сор болсон эрдэмтэн, лам нарын хэд хэдэн хэл дээр туурвисан бүтээлүүд, хосгүй үнэт ном судрууд байдаг. Энэ бүхнийг судлан гаргаж, шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулах, гадаад ертөнцөд таниулах ажлыг эхлүүлэхэд манай холбогдох хүрээлэнгүүд оролцож, яам бодлогоор суурь судалгаанд зориулж жил бүр санхүүжилт өгдөг болно гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сургуулийн удирдлагуудад хэлсэн юм.

Энэ үеэр бас нэг хөндөх ёстой сэдэв бол Энэтхэг Улсад суралцаж байгаа лам хүүхдүүдийн асуудал гэдгийг онцолсон. Өнөөдөр Гомон дацанд 700, Сэрай дацанд 100 орчим хүүхэд суралцаж байна. Дээрх дацанд суралцаж төгссөн хүүхдүүдэд диплом олгодог боловч үүнийг Монголд дүйцүүлэх аргачлал байхгүй. Энэ гуравдугаар сард Энэтхэгийн боловсролын сайдтай уулзалт хийж, эдгээр хүүхдүүдэд Монголын ЕБС-ийн хөтөлбөрийг оруулах талаар санал гаргаж хамтран ажиллана. Хөтөлбөрөө дүүргэсэн хүүхдүүдийн ЕБС-ийн гэрчилгээг дүйцүүлэх, хөрвүүлэх талаар хэлэлцээнүүд хийгдэнэ гэдгийг хэллээ.

Бурхан шашны дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцсаны дараа шашны гэх тодотголтой төрөлжсөн 112 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургуульд өнөөдөр 100 гаруй сурагч суралцаж байна.

Гэсэр сүмийн байранд олон жил үйл ажиллагаа явуулж байсан энэ сургуулийн хичээлийн байр нь 1954 оны барилга бөгөөд ширээ сандал нь хуучирч муудсан, хүүхдүүд нь алдаг оног явдаг байжээ. Ерөнхий боловсролын хөтөлбөр хэт саармагжсан, багшлах боловсон хүчин дутагдалтай байсан бөгөөд 2023 онд Бурхан шашны дээд сургуулийн байрны зүүн жигүүрт шилжүүлэн авчирчээ.

Ингэснээр тохилог, дулаан байранд шинэчлэгдсэн ширээ сандалтай болж орчин нөхцөл сайжирсан байна. Хэт шашин, эсвэл хэт ерөнхий боловсролыг баримтлан сургалтын үйл ажиллагаа явуулах эрсдэл үүсэх учраас захирлыг нь томилохоос эхлүүлээд 60/40 харьцаатай төрөлжсөн сургуулийн хөтөлбөрийг боловсруулжээ.

2024 онд 320 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажил эхлүүлнэ. Цаашид спорт заал, дотуур байр бүхий цогцолбор хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар салбарын сайд Л.Энх-Амгалан сургуулийн удирдлагуудтай уулзах үеэр хэллээ. Мөн ламхай хүүхдүүдэд зөвхөн төвөд ном цээжлүүлэх бус олон төрлийн хүүхэд хөгжүүлэх хичээлүүдийг нэмэлтээр оруулж, хөгжмийн боловсролыг багаас нь олгодог шиг гүн ухаан, уламжлалт урлахуйн ухаан, анагаах ухаан, хэл шинжлэлийн чиглэлээр мэргэшүүлэх нь зүйтэй. Хэрэв хөтөлбөр зөв явбал ирэх жилээс 1-12 дугаар ангийн хүүхдүүд элсүүлэх боломж бүрдэнэ гэлээ.

Төрөлжсөн сургалттай 112 дугаар сургуулийн захирал Г.Жалсрайжамц "Манай хүүхдүүд бурхны шашинтай холбоотой хоёрхон хичээл үздэг. Нэг нь уншлага, нөгөөх нь төвөд хэл. Цаашид хичээл, сургалтын үйл ажиллагаа чанартай явагдах боломж бүрдэж байгаад баяртай байна" гэв.

Уулзалтын төгсгөлд төрөлжсөн 112 дугаар сургуулийн компьютер тоног төхөөрөмж, шаардлагатай зардал, багш нарын цалин хөлсний асуудлыг 100 хувь шийдвэрлэж, ламхай хүүхдүүдэд чанартай боловсрол олгоход бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлсэн юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү