Хакүхо башёг үргэлжлүүлэх боломжгүй боллоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн нагоя башё өндөрлөхөд гурван өдөр үлдээд байгаа энэ цаг үед ёкозүна Хакүхо гэмтлийн улмаас энэ удаагийн башёг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсноо зарлалаа. Ингэснээр энэ удаагийн нагоя башёд зодоглосон хоёр ёкозүна цолтон башёг дуусгах боломжгүй болжээ.

Ёкозүна Хакүхо нагоя башёгийн 12 дахь өдөр буюу өчигдөр /2020.07.30/ сэкивакэ Митакеүмитай тааран барилдсан ч өвдөг шороодож 10 даваа, хоёр унаатай болсон юм. Тэрбээр энэхүү барилдааны явцад баруун өвдгөндөө гэмтэл авсныг мэдээлсэн. Харин ёкозүна Какүрюү Анандын хувьд нагоя башёгийн хоёр дахь өдөр гэмтлийн улмаас мөн цаашид барилдах боломжгүй болсон.

Өдгөө 35 настай Хакүхогийн хувьд энэ удаагийн нагоя башёд түрүүлж 45 дахь удаагаа эзэн хааны цомыг хүртэж өөрийн тогтоосон амжилтаа ахиулахыг хүсч байсан ч гэмтлийн улмаас боломжгүй боллоо. Тэрбээр ийнхүү мэргэжлийн сүмо бөхийн замналдаа 15 дахь удаагаа башёг дуусгалгүй дундаас нь орхиж эсвэл бүрэн өнжиж байна.

Энэ жилийн нагоя башёгийн гол өрсөлдөөн Асанояама болон Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нарын дунд явагдахаар боллоо.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү