Иргэний нисэхийн ерөнхий газраас тэтгэлэг авсан суралцагчдын нэрийг зарлалаа

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр Авто замын сангийн талаар мэдээлэл өглөө.
 
Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад сурсан оюутнуудын мэдээллийг нээлттэй зарлав.
 
Монгол Улсын авто замын тухай хуулинд тусгай зориулалттай, олон улсын болон улсын чанартай, орон нутгийн болон нийслэлийн замуудыг засварлах, арчлах, үйл ажиллагааг нь зохицуулах сантай байна гэж заасан байдаг. Авто замын сангийн орлого нь найман хэсгээс бүрддэг. Авто замын сангийн хөрөнгийг нийт 14.000 км замыг засварлах, арчлахад зарцуулдаг. Зарцуулалтын мэдээллийг https://mrtd.gov.mn/, https://shilen.gov.mn/ нээлттэй байршуулсан.
 
Өнгөрсөн онд сайдаар томилогдоод Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаанд аудит оруулж, хяналт, шалгалт хийсэн. Энэ хүрээнд олон зөрчил, дутагдал илэрсний нэг нь энэ. Зөрчил, дутагдлаа арилга, мэдээллээ ил тод, нээлттэй болго гэсэн зөвлөмж өгсөн.
 
Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар 2005-2022 онд гадаадад 367 хүн суралцсан. Үүнд 11.376.000 доллар зарцуулсан байна.
 
Салбарын мэргэжлээр суралцсан 332, нийтлэг мэргэжлээр суралцсан 35, гэрээ нь цуцлагдсан 11, хувийн зардлаар үргэлжлүүлэн суралцаж байгаа 16, одоо суралцаж байгаа 14, салбартаа ажиллаж байгаа 262, ажлын байр хүлээн хүний нөөцөд бүртгэлтэй 63 хүн байна.
 
Сурсан болон суралцаж буй бүх хүний мэдээллийг https://mrtd.gov.mn/ сайтдаа нээлттэй байршууллаа.
 
Сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг буцаан төлүүлнэ.
 
Цаашид манай салбарт хаалттай биш, ашиг сонирхлын зөрчлөөр тэтгэлэгт хамруулах, хэнд ч давуу эрх эдлүүлэхгүй.
 
Ашиг сонирхлын зөрчил гаргаж, хууль зөрчсөн хүн байвал хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна.
 
Хүүхдүүдийг алагчлахгүй сургалтын тэтгэлэгт хамруулах боломжийг бүрдүүлэх, нээлттэй, ил тод, шударга, тэгш хүртээмжтэй суралцуулах журмыг баталж, мөрдүүлнэ гэдгийг хариуцлагатайгаар хэлье гэлээ. 
 
Эх сурвалж: ЗТХЯ

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү