“Язгуурын таван шүтээн” үзэсгэлэн нээгдлээ

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээл болох Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв “Язгуурын таван бурхан”-ыг анх удаа нэг газар оршоосон “Язгуурын таван шүтээн” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Соёлын дэд сайд М.Батбаяр нээж үг хэллээ.

Язгуурын таван шүтээн бурхны дөрөв нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд буй бол, нэг ширхэг нь Чойжин ламын сүм музейд хадгалагдаж буй бөгөөд тус хоёр музей хамтран иж бүрдэл болгон тусгай үзэсгэлэнг олон нийтэд дэлгэж буй юм.  

 

Өндөр гэгээн Занабазар очирт хөлгөний ёсны язгуурын таван бурхан болох Үл хөдлөгч, Эрдэнэ үүсгэгч, Цаглашгүй гэрэлт, Үйл бүтээгч, Машид гийгүүлэн зохиогч тэргүүтнийг гэгээн, ариун, сэтгэл татам, хүмүүний ертөнцийг нигүүлсэнгүйгээр ширтэж буй дүр дүрслэлтэй бүтээсэн нь бурхан урлалын түвшнийг урьд өмнө байгаагүй өндөрт хүргэсэн тухай судлаачид тэмдэглэсэн байдаг.

Язгуурын таван бурхан нь сэтгэлийн таван гэм болох уур хилэн, мунхаг харанхуй, шунал, харам сэтгэл, атаа жөтөөг эсрэг хүч болгон урвуулж мятаршгүй их тэсвэр тэвчээр, мэргэн ухаан, энэрэл нигүүлсэл болгон урвуулах бэлгэдэлтэй аж. Үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл олны хүртээл болох юм.

Эх сурвалж: Соёлын яам


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү