Жүдогийн ДАШТ-д Монголоос Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 жүдоч зодоглоно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-13-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болно. Тус тэмцээнд 87 орны 584 (эрэгтэй 315, эмэгтэй 269) тамирчин оролцохоо мэдүүлсэн бол Монгол Улсаас 18 (эрэгтэй ес, эмэгтэй ес) жүдоч эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Г.Хэрлэн, 73 кг-д “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар, 81 кг-д Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүч үзнэ.

Ташрамд дуулгахад, Монголын баг тамирчдын түрүүч хоёр хоногийн өмнө Ташкентыг зорьсон бөгөөд дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, М.Бундмаа нар долоон тамирчны хамт хөлгийн жолоо залсан байна.

 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү